Бүхнийг Шууд Нээлттэй зарчмаар сурна

Тавтай морилно уу
Нэвтрэх / Бүртгүүлэх

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН АРГА, ХЭЛБЭР НЭВТЭРЛЭЭ

Боловсрол Шинжлэх Ухааны Яамны зүгээс боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбар болгох ажлыг хийж байна.
Нээлттэй боловсролын үзэл санаа нь чанартай, өрсөлдөх чадамжтай боловсролыг хүн бүр адил тэгшээр эзэмших, боломжийг улам бүр өргөжүүлж, боловсролын харилцаа, суралцах боломж, арга зүйг илүү хүнлэг болгон өөрчлөхөд чиглэгддэг. Боловсрол Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай онлайн, нээлттэй сургалтын хэн ч хаанаас ч үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломж бүхий АНУ-ын Хан академийн математик, дэлхийн түүх, биологийн видео хичээлүүдийг мэргэжлийн багш нарын баг монгол хэлнээ орчууллаа.


Ерөнхий боловсролын математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх болон SAT, GMAT шалгалтанд бэлтгэх сургалтын сэдвүүдийг хамарсан 6000 орчим видео хичээлээс 2014-2015 оны хичээлийн жилд математик, түүх, биологийн 500 хичээлийг монгол хэл дээр орчуулан багш, сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэнэ. Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгох ажил цаашид үргэлжилнэ. Онлайн, нээлттэй видео хичээл нь суралцагчдад тухайн хичээлийн шинжлэх ухааны ойлголтыг таниулж, хийсвэр мэдлэгтэй болгоход биш түүний учир шалтгааныг ухаарч ойлгон бүтээлчээр суралцах арга барил эзэмших, ойлгосноо хэрэглэх бодит ур чадвартай болоход чухал ач холбогдолтой. Онлайн самбар дээр видео хичээлийн даалгавар англи хэл дээр байгаа нь суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд тустай бөгөөд сургалтыг өөрийн боломжоороо давтан үзэж, системтэйгээр шатлан суралцах боломжтой юм. Хан академийн онлайн видео сургалтын агуулга, арга зүй өнөөгийн сургалтын системийн шийдвэрлэж чадахгүй олон асуудлыг шийдэж, үр дүнтэй нь нотлогдож байгаа тул дэлхийн 24 улс ач холбогдлыг нь үнэлж эх хэл рүүгээ орчуулж, сургуулиуддаа нэмэлт хэрэглэгдэхүүн байдлаар ашиглуулж байна.
Түүнчлэн Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас монгол хэл шинжлэл, монгол хэл, уран зохиолын эрдэмтэн судлаачид, зохиолч, яруу найрагч, багш нар болон шинжлэх ухааны бусад бүх салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, хэвлэл, мэдээлэл, олон нийтийн өргөн оролцоо, хамтын ажиллагаа, үндэсний зөвшилцлийг бий болгох үндсэн дээр монгол хэлний онлайн тайлбар толийг бүх салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, олон нийтийн өргөн оролцоотойгоор бүтээж хөгжүүлж байна. Энэ нь Монголын анхны оюуны бүтээлч хамтын өмчийн буюу олон улсад нэрлэж хэвшсэнээр, Creative Commons (CC) лизенцтэй онлайн толь бичиг юм.

МЯГМАР, ПҮРЭВ ГАРИГ БҮРИЙН 14 ЦАГТ ШИНЭ ХИЧЭЭЛ ОРОХ БОЛНО /БШУЯ-н сайтад/

Дэлхийн түүх: Эртний ром
Математик: Адил хажуут гурвалжны жишээ бодлого